Фото мэдээлэл
Булган аймгийн УЦУОШТ мэргэжлээ сурталчлав

Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв (УЦУОШТ) нь 2025 оны 5 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд мэргэжлээ сурталчлах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний зорилго нь ус, цаг уурын мэргэжлийг олон нийт, тэр дундаа хүүхэд, залуучуудад таниулан сурталчлах, сонирхлыг нь нэмэгдүүлэх замаар ирээдүйд зөв мэргэжил сонгоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм.
Арга хэмжээнд Дархан-Уул аймгийн ХААИС-ийн Цаг уур судлалын мэргэжлийн 2, 3-р дамжааны оюутнууд болон Булган аймгийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн 9, 10-р ангийн сурагчид идэвхтэй оролцов.
Сурагчдад зориулсан хөтөлбөрийн хүрээнд салбарын үйл ажиллагааг танилцуулсан үзэсгэлэн, дадлага, туршилтууд, мэргэжлийн чиг баримжаа олгох яриа, асуулт-хариултын хэсгүүдийг зохион байгуулж, сонирхолтой уур амьсгалыг бүрдүүллээ.
Мөн ХААИС-тай хамтран ажиллах гэрээний дагуу “Шийдэлд суурилсан сургалт”-ын хүрээнд цаг уур судлалын оюутнуудыг мал аж ахуйн цаг уурын харуул дээр дадлага хийлгэж, нутгийн үүлдрийн хонь, ямааны хаврын улирлын амьдрах орчин, төл малын жингийн өөрчлөлт, малын хөдлөл зүй, цаг уурын ажиглалтын аргазүйн талаар практик мэдлэг олгосон нь чухал ач холбогдолтой боллоо.
Энэхүү арга хэмжээ нь оролцогчдын дунд шинжлэх ухааны мэдлэг түгээж, байгаль орчны талаарх ухамсрыг нэмэгдүүлэх, цаг уурын судалгааны ач холбогдлыг ойлгуулах зорилтод чухал хувь нэмэр оруулсан юм