Удирдлагын мэндчилгээ

127

Мэндчилгээ

     Булган аймагт анхны цаг уурын станц 1941 онд байгуулагдаж улмаар 1958 оноос манай аймгийн бүх сумдад цаг уурын өртөө харуулууд ажиллаж эхэлсэн. Ус цаг уур, орчны шинжилгээний албан хаагчид бид Монгол орныхоо Ус цаг уур орчны хяналт шинжилгээний энэ ариун сайхан үйлсэд хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг аа. Манай аймгийн томоохон гол мөрөн болох Эг, Сэлэнгэ, Орхон, голууд дээр 1942 оноос, Тарвагатай, Тавт зэрэг жижиг голууд дээр 1980 оноос суурь судалгааны ажлууд болон гадаргын усны судалгааны ажил тасралтгүй тогтмол хийгдэж байна.

Тус төвд Захиргаа аж ахуйн хэлтэс, Мэдээлэл үйлчилгээний хэлтэс, Цаг уур орчны технологийн хэлтэс гэсэн 3-н хэлтэс, Цаг уурын 6 өртөө, Хөдөө аж ахуйн цаг уурын 10 харуул, мал аж ахуйн цаг уурын 3 харуул, Ус судлалын 12 харуул, Байгаль орчны шинжилгээний лаборатори, Урьдчилан мэдээлэх салбар, нисэхийн цаг уурын станц, агаарын чанарын хяналтын харуул, Уур амьсгалын салбар, Хөдөө аж ахуйн салбар, Систем сүлжээ, Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц зэрэг салбарт 87 албан хаагч ажиллаж байна.

Ус цаг уур орчны хяналт шинжилгээ судалгааны ажлыг чанартай сайн хийх нөхцөлийг бүрдүүлэх, сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж ус цаг уурын харуулуудын ажиглалтын талбайг томсгон 6 өртөө 12 харуулд цаг уурын автомат станц суурилуулж, Могод, Тэшиг, Сэлэнгэ сумдын цаг уурын өртөө, усны харуулуудыг ажлын байр болон завь хадгалах байртай болгож төвийн конторын байрыг цэвэр бохир усны төвлөрсөн шугамтай холбуулан ажилчдын ажиллах ая тухтай нөхцөлийг ханган ажиллаж байна.

Түүхэн энэ он жилүүдийн хугацаанд ус цаг уурын орчны хяналт шинжилгээний цаг наргүй ажлыг олон жил үр бүтээлтэй хийж манай хамт олон төр засгаас хөдөлмөрөө үнэлүүлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 11, хөдөлмөрийн хүндэт медалиар 17, салбарын дээд шагнал байгаль орчны тэргүүний ажилтнаар 64 хүн шагнуулсан байна.

 2025 онд тавьсан зорилтуудаасаа эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Түүний эхлэл болох AWS310B загварын автомат станцыг Гурванбулаг, Хутаг өртөөнд шинээр суурилуулсан байна. Цаашид агаарын бохирдлыг хянах байнгын ажиллагаатай автомат станцыг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар суурилуулах, хөдөө аж ахуйн цаг уурын Хишиг-Өндөр, Сайхан, Баян-Агт харуул, Ус судлалын Хануй-Баян-Агт, Орхон-Сайхан, Орхон-Орхон харуулуудыг ажлын байртай болгох, Сэлэнгэ-Хутаг, Сэлэнгэ-Хялганат харуулд мэдээлэл нь нээлттэй харагддаг усны түвшин хэмжих автомат багаж суурилуулах зэрэг ажлуудыг шат дараалан хийхээр төлөвлөөд зориод ажиллаж байна. Мөн албан хаагчдынхаа дунд үндэсний бичиг үсэг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, мэдлэг чадвараа ахиулах, мэдлэгээ ажилдаа хэрэгжүүлэх зорилгоор “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ ӨВ СОЁЛОО ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ, ТӨРИЙН ХОС БИЧИГТЭН БОЛОХ”, өртөө, харуулын ажиглагч, техникч нарын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, хамт олны идэвх хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “НЭГ ХҮН НЭГДМЭЛ ХҮЧ” зэрэг аяныг зохион байгуулж хэрэгжилтийг тооцон ажиллаж байна.

Булган аймгийн болон Монголын цаг уурын салбарт ажиллаж байгаа, байсан үе үеийн цаг уурчдадаа амжилт бүтээлээр дүүрэн байж, аз жаргал гэрэл гэгээгээ цацруулсаар байхыг хүсье

Булган аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нандинбат

 

Хуваалцах :